ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Шадар сайдын Хэнтий аймагт хийсэн ажлын айлчлалын тэмдэглэл

E-mail Print PDF

Өндөрхаан хот / 2009-02-01


1. Аймгийн ЗДТГ, хэлтэс агентлагын удирдлагуудтай хийсэн уулзалт

Эхэлсэн цаг:11:40
Дууссан цаг:12:50

Аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар аймаг орон нутгийн цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийв.
Шадар сайд М.Энхболд:
-Улсын их хурлын намрын чуулган завсарласантай холбогдуулан Хэнтий, Сүхбаатар аймагт өргөн бүрэлдэхүүнээр ажиллах хөтөлбөр гарсан. Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүйд та бүхнээс уучлал хүсч байна.
Монгол улсын Засгийн газраас төрийн захиргааны байгууллагын ирэх 4 жилд ажиллах бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Дэлхийн нийгэм эдийн засгийн хямралтай холбогдуулан улсын төсвийг нилээд хямгадах, орон нутагт энэ асуудал хэрхэн тусч нөлөөлж байгааг газар дээр нь үзэж харахаар ирлээ.
Орон нутагт ажиллаж байгаа гол зорилго нь Улсын Их Хурлаас батлагдсан хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон орон нутгийн иргэдийн амьдралтай танилцах, санал бодлыг нь сонсох, төсөв ямар түвшинд батлагдсан талаар танилцуулна.
Орон нутагт төсвийн хэмнэлтийг маш сайн хийж хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байна. Мөн орон нутагт болсон гэнэтийн үйл явдал байгалийн гамшгаас  болж төсөвт их хохирол учирч байна. Тухайлбал, өнгөрсөн 5 сард болсон гамшгийн хохирлыг барагдуулахаар 180 сая төгрөгийг улсын төсвөөс олгосон. Бэрх тосгоны асуудал нэлээд хүндэрч, нэлээдгүй хөрөнгө төсвөөс гаргасан. Хөрөнгө мөнгө зайлшгүй гаргах шаардлагатай байгаа ч энэ бүгд нь хүний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж их хэмжээний хохирол учирч, хөрөнгө хүч гарч байна.
Цаг улирлын хувьд өвөлжилтийн байдал хүндэрч байна. Баруун 5 аймагт байгаль цаг агаарын гамшиг болж өвс тэжээлийн хувьд нэлээд тусламж хөнгөлөлттэй үнээр олгосон. Зүүн гурван аймаг мөн ийм хүсэлт тавьж байна, судалж үзэж шийднэ. Бэрх тосгоны талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тодорхой хариулт өгнө.

Д.Сугар - Төрийн өмчийн хорооны дарга:
ЭБЭХ-ний сайдын төвшинд Бэрхийн өрийн асуудлыг шийдэхээр болж байгаа. 487 сая төгрөгийн өрийн асуудлыг шийдэх болсон. Жил бүр 300 сая төгрөгийн татаац авна гэж байгаа нь миний бодлоор их байна. Орон нутагт дулааны станц татаацгүй ажиллах хүнд. Чандаганы нүүрсний уурхайн талаар танайд хариу ирүүлсэн байгаа.

Г.Ганхуяг- Бор-Өндөр хотын захирагч:
Бор-Өндөр хотыг бие даасан, өөрийн статустай сум болгох талаар эртнээс ярьсан. Энэ бол сонгуульд орох орохгүйн тухай асуудал биш юм. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, уул уурхай, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэргээр ажиллавал Бор-Өндөр хот хөгжих бүрэн бололцоотой. Сум болгох асуудлыг нухацтай авч шийдэж өгөөч.

Ц.Нямдорж- ХЗДХ-ийн сайд:
Бор-Өндөрийн асуудлаар хууль эрх зүйн хувьд нарийн судалж үзэх шаардлагатай. Сумын дотор сум, аймгийн дотор аймаг байгуулагдах гээд байна.

Б.Бат-Эрдэнэ- УИХ-ын гишүүн:
Бор-Өндөр хотод Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг очсон уу.

Г.Ганхуяг- Бор-Өндөр хотын захирагч:
Ирээгүй

З.Бат-Эрдэнэ - Хүүхдийн төлөө төвийн дарга:
Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг хүүхдийн асуудал шадар сайдын ажлын хүрээнд багтдаг учраас санал тавьж байна. Хүүхдийн ордонтой болох асуудлаар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад санал тавьсан бөгөөд тус байгууллага Хүний хөгжлийн төвөө хүүхдийн ордон болгон бэлэглэе гэсэн. Бэлэг хүлээн авах сайхан боловч урсгал төсвийн зардал шийдвэрлэгдээгүй тул авахад хүндрэлтэй байна. Зардал төсвийн асуудал шийдвэрлэгдвэл өнөөдөр ч хүлээн авахад бэлэн байна. Энэ зардлыг улсын төсөвт суулгах талд шийдэж өгөөч.

Шадар сайд М.Энхболд:
З.Бат-Эрдэнэ дарга ажлаа танилцуулсан нь сайшаалтай. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай тохиролцсон нь сайн хэрэг. Хэд хэдэн аймагт хүүхдийн ордон байгуулах асуудал яригдаж байгаа. Шинээр барилга барих гээгүй учраас үйл ажиллагааны зардлын асуудлыг шийдэж болно. Танай аймаг хүүхэд залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн, Улаанбаатар хотод байхгүй шахуу усан бассейн зэргийг санаачлан хийсэн газар. Хямралтай үед байгаа ч гэсэн нийгмийн асуудалд шаардлагатай төсөв мөнгө хэвээрээ байгаа.

Т.Ганди – НХХ-ийн сайд:
Товч мэдээлэл өгье. Засгийн газар дээр эдийн засгийн бууралт, өрхийн бодит орлогын талаар судалгаа оношилгоо хийх ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын байрыг хамгаалах талаар оновчтой бодлого барин ажиллана. Ажил олгогч эздийн холбооноос ажилчдаа цомхотгох, цөөлөхгүй байх талаар аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөмж өгч ажиллаж байна. Ажлын байран дээр нь гэрээгээр ажиллуулах, нийгмийн даатгалын өрийг хойшлуулах, богиносгосон цагаар ажиллуулах гэх мэт. Аймаг суманд ямар хуримтлагдсан ажил байна, түүнийг судалж оновчтой сургалт зохион байгуулах. 1 суманд 5 тогооч, 3 үсчин, 2 гоо сайханч бэлдээд өгөхөд ямар үр дүнтэй байгаа билээ. Өндөрхаан хотод хог хаягдал, байгаль  экологийн  хүрээнд ногоон ажлын байрыг бий болгон, хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжиж цалинжуулж ажиллах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэй.
Халамжийн гэр үйлдвэрлэлийг сумдад бий болгож ажлын байр бий болгох талаар тус аймгаас сонгогдсон 3 гишүүн санаа тавин ажиллаж байна. Ингэснээрээ Улаанбаатар хотоос гэр авчирч байгаа зардал гэх мэт үргүй зардлыг багасгаж болно.
Хуулиудад өөрчлөлт орсон. Нийгмийн хамгааллын чиглэлээр тодорхой саналыг улс төрийн намын мөрийн хөтөлбөрт, түүнчлэн засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулсан. Энэ талаар тодорхой шийдвэрүүд гарах байх аа. Асуух зүйл байвал хариулъя.

Д.Дорж- Цагдаагийн газрын дарга, хурандаа:
Нэг хүсэлт байна. 2008 оны тайлангаар манай байгууллага 31 сая төгрөгийн өртэй гарсан. 2007 оны тайлангаар 15 саяын өртэй гарсан. Энэ өрийн 70 хувь нь орон нутагт ажиллаж байгаа сумын хэсгийн төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал, үүнд байрны түрээс, халаалт, шатахуун, холбоо, бичиг хэргийн зардал юм. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль гарснаар үйл ажиллагааны зардлыг хассан, бид энэ хуулийг зөрчиж яалт ч үгүй эр зориг гаргаж энэ шийдвэрлэгдээгүй зардлыг олгоод явж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч.

Ц.Нямдорж- ХЗДХЯамны сайд:
-Холбогдох тооцоо, материалаа бүрдүүлж яаманд явуулаарай.

Л.Насанжаргал - Биеийн тамир, спортын хорооны дарга
-Манай байгууллагын орон тоо дутуу батлагдсан. Орон тооны болон гэрээт 2 үйлчлэгчтэй. 1 хүнд 1000 м2 талбай ноогдож байна. Ажлын ачаалал нь их учраас орон тоог нэмэгдүүлж өгөөч. Мөн халаалтын зардал дутуу батлагдсан. Халаалтын зардал их гардаг, иймд жижиг заалаа аймгийн Засаг даргатай зөвшилцөөд үндэсний бөхийн клуб ажиллуулахаар болсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

П.Түмэндэмбэрэл - ЭМЯ-ны газрын дарга:
-Шинээр спорт заал баригдсан. Гэхдээ хуучин төсвөө бодвол нэмсэн төсөв буюу 18,7 сая төгрөг батлагдсан. Заал баригддаг ч ашиглалт нь муу байдаг. Танай хувьд ашиглалт харьцангуй сайн, 2 зааландаа уралдаан тэмцээн зохиогоод орлого олох боломжтой.

М.Очирпүрэв - Хэрлэн сумын ИТХ-ын дарга:
Багийн засаг дарга нарын асуудлыг яаж шийдвэрлэж байна вэ? Улс төрийн албан тушаалтан уу, төрийн захиргааны албан тушаалтан болж байна уу? Хэрлэн сум Өндөрхаан хот 18,0 мянган хүн ам, 4941 өрхтэй. Бүтэц шинэчлэн баталснаар манай сумын ЗДТГ 18 орон тоотой ажиллах болсон нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Дахин судалж үзэж шийдвэрлэж болох уу?

Ц.Нямдорж - ХЗДХЯамны сайд:
Төрийн албаны тухай хуулийн тодорхой заалтнаас болоод энэ асуудал шийдэгдэхгүй байна. УИХ-ын зарим нэр бүхий гишүүд багийн даргыг улс төрийн албан тушаалтан хэвээр байлгах талаар хууль санаачлан өргөн мэдүүлсэн боловч хэлэлцэж амжилгүй чуулган завсарласан. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх байх. Энэ жилийн бүтэц орон тоо дахин яригдахгүй. Хүн амын орон тооноос шалтгаалан нормативыг шийдэх хэрэгтэй. Манайх хуулийн байгууллагынхаа дунд судалгаа хийж байгаа.

н.Од-Эрдэнэ- Мэдээлэл холбоо сүлжээ компанийн захирал:
-Газрын төлбөрийн асуудлаар санал хэлье. Аймгийн ИТХ-аар тогтоосон тарифаар холбооны үндсэн сүлжээ явж байгаа газрын төлбөрийг төлнө гэвэл чадан ядан зарлагаа нөхөж яваа манай компани алдагдалд орохоор байна. Үүнийг төрөөс түр хүлээзнэ гээд байгаа. Харин газрын алба, аудит газрын төлбөр барагдуул гэсэн шаардлага тавьж байгаа. Гэтэл агаарын үндсэн шугамаас сард 30 мянган төгрөг олдог. Иймээс энэ асуудал зөвхөн манай компанид биш улсын хэмжээнд байгаа учраас холбооны үндсэн сүлжээ явж байгаа газрын төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгнө үү.

Д.Сугар - Төрийн өмчийн хорооны дарга
-Асуудлаа яамандаа тавиарай, тэгээд шийдвэрлэе.

Үүгээр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд болсон уулзалт өндөрлөв.

2. Өндөрхаан хотын иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын тэмдэглэл

Эхэлсэн цаг: 14.00
Дууссан цаг: 18.00

Ч.Эрдэнэбаатар- Хэнтий аймгийн Засаг дарга:
Монгол улсын шадар сайдаар ахлуулсан баг ажиллаж байна. Шадар сайдын Хэнтий аймагт ажиллаж байгаа ажлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүсийг танилцуулъя. Д.Лүндээжанцан- УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга
Ц.Нямдорж - УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд
Т.Ганди- ЗГ-ын гишүүн, НХХ-ийн сайд
Н.Ганбямба- УИХ-ын гишүүн
Д.Арвин - УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ - УИХ-ын гишүүн
Ч.Улаан - УИХ-ын гишүүн
У.Хүрэлсүх-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Нямжав- ЗГХЭГ-ын дэд дарга
С.Төмөр-Очир-БСШУЯ-ны сайдын зөвлөх
А.Баатарцогт- Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генарал
Д.Сугар-Төрийн өмчийн хорооны дарга
П.Түмэндэмбэрэл- ЭМЯ-ны газрын дарга
Л.Баяртулга-ХХААХҮЯамны газрын дарга болон төвийн хэвлэл мэдээллийн баг ажиллаж байна. МУ-ын Шадар сайд М.Энхболд иргэдийн төлөөлөгчтэй уулзах уулзалтын ажиллагаа нээснийг мэдэгдье.

/Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг/

Ч.Эрдэнэбаатар- Аймгийн Засаг дарга:
-Шадар сайддаа баярлалаа. Асуух зүйл байвал асуу.

Бариашир- Хэрлэн сумын 3-р багийн иргэн, өндөр настан
-Зах зээл гэж юу юм бэ? Баячууд нь баяжиж, ядуучууд нь ядуурах ёстой юм уу?
Хүрэлсүхээс асууя. Барууны нам нь Ардчилсан нам, зүүний нам нь Хувьсгалт нам юм уу? Нямдорж сайдаас асууя. Гүндалай та хоёр ярилцлаганд ороод байсан, тэр талаар ярьж өгөөч. Хэрлэн сумын 3-р баг хүн ам олонтой. Арвин гишүүн 3-р багийн өрхийн эмнэлгийг байртай болгоно гэж амласан. Энэ амлалт биелэхгүй байна. Өрхийн эмнэлгийг байртай болгож өгөөч. Ламбаа сайд эрүүл мэндийн асуудлыг улсын мэдэлд оруулъя гэж хэлсэн. Энэ нь зөв зүйл. Эмч нар 5000-10000 төгрөгөөр үзэж байна. Эмчлэхгүй байж, үзэх нь чухал биш. Улсын хэмжээнд архидан согтуурах явдал газар авлаа. Баар сав улсад 600 гаруй байхад тоглоомын талбай нь 100 гаруй байна. Баарыг бүрмөсөн хааж болохгүй юу? Сүүлийн үед сонгууль сонгууль биш болсон. Ганбямба гишүүнтэй уулзах гэсэн боловч уулздаггүй, ядуу биднийг тоодоггүй юм уу. 3 гишүүнтэй биечлэн уулзмаар байна.

н.Төмөрсанаа, өндөр настан
-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэнд баярлалаа. Бүсээ чангал гэдэг чинь зөв. Ард түмэн аль хэдийн чангалсан. Эдийн засгийн хямрал болж байгаа гэсэн ч том гүрнүүдтэй харьцуулахад гайгүй байх аа. Энэ хямралаас ард түмнээ яаж гаргах вэ? Урьдны мөнгийг Энхбаяр, Энхболд нар хайр найргүй цацсан. Ахмад дайчид 1860 хүн байна. Сонгуулийн үед ахмад дайчдад сар бүр 200 мянгыг өгнө гэж амлаж байсан. Өндөр настан бид, зудтай 3 аймгийн ямаанаас доор болоод байна. Үхэхээсээ өмнө тэр мөнгийг авмаар байна. Сүүлийн үед баруун аймгийн гишүүд олон болоод байна. Тийм учраас тэр тал руугаа асуудал шийдэх гээд байдаг тал ажиглагддаг. Энэ талаар хариулт авмаар байна.

н.Чинбат- 3-р багийн иргэн:
-10 сард болсон орон нутгийн сонгуулийн талаар ярья. ИТХ-ын  анхдугаар хуралдаанаа хийх гээд болоогүй. Ардчилсан Нам нь хурал хийх ёстой мэдээллийн төвд ирсэн боловч МАХН-ын төлөөлөгчид оролцохгүй гээд ирээгүй, өөрийн намын байранд хуралдсан. Ингээд 2 талд хуралдаад Ардчилсан Нам тамгатай, МАХНам нь тамгагүй хууль бус албан бичиг дээш нь явуулсан. Дээрээс хууль бус шийдвэрийг нь дэмжээд,  мөн тамга гарын үсэггүй шийдвэр ирсэн. Ийм байж болох уу, зөв юм уу?

н.Баянцагаан- 5-р багийн иргэн:
-Хууль хууль биш болсон. 2 нам хоёулаа сонгуулиар 1 сая, 1,5 сая төгрөг амлаж үндсэндээ бидний татварын мөнгөөр бидний саналыг худалдан авсан. Одоо энэ мөнгөө өгөх үү? 7 сарын 1-ний үйл явдал нь хэтэрхий улстөржсөнөөс болсонд ард түмэн эмзэглэж байна.

н.Пүлжинням- 1-р багийн өндөр настан:
-Өргөн бүрэлдэхүүнээр ирсэнд баярлалаа. Саяын хүн 1,5 саяыг бидний татварын мөнгөнөөс өгнө гээд байна. Би ойлгохдоо, уул уурхайн ашгаас өгнө гэж боддог. Энэ талаар ялгаж салгаж хэлж өгнө үү. Сүүлийн жилүүдэд хийсэн бүтээсэн бүхэнд нь 3 гишүүндээ баярлалаа. Намын удирдлага, гишүүд, үеийнхэндээ баярлалаа гэж хэлье.

н.Дэмбэрэлваанчиг- Хэрлэн сумын иргэн, малын эмч:
-Ард түмний 70 хувь нь зээлээр амьдарч байна. Банкны хүүг буулгамаар байна. Валютыг шүтэж амьдармааргүй байна. Монгол мөнгөний худалдан авах чадвар хэзээ дээшлэх вэ? Ард түмэн өөрсдийн хүчийг ашиглан жижиг дунд үйлдвэрлэл явуулахад нь Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгуулах арга хэмжээ авч дэмжиж өгөхийг хүсч байна. 2009 онд үйлдвэрлэлийг дэмжих жил болгосон нь ажлын байр хэрхэн нэмэгдэж ядуурал хэрхэн буурах вэ? гэдэгтэй холбогдох учиртай. Халамжийн мөнгийг хэт хавтгайруулахгүй, зайлшгүй шаардлагатай хүмүүст нь өгч, бусдыг нь ажлын байр байгуулахад зориулах хэрэгтэй байна. 
Санал- Орон сууцны барилга ихээр барих хэрэгтэй байна.  Манай аймагт дулааны цахилгаан станцыг энэ 4 жилд барьж өгөөч, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр барьж өгөөч.

Адилбиш- Хэрлэн сумын иргэн:
-Төрдөө итгэх иргэдийн итгэл буурч байна. УИХ-ын гишүүд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр гаргаж байна. УИХ-ын дэгд өөрчлөлт оруулж, гишүүдийг өндөр ёс зүйтэй байлгаж, намд өндөр шалгуур тавьж баймаар байна. УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүдээр тавихгүй байж болохгүй юу? ТАЗ гэж хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байгууллага байна. Иргэдтэй хамгийн ойр ажилладаг багийн дарга нар ажлаа хийхгүй байна. Сонгон шалгаруулалтаа аваад ажилд нь оруулмаар байна. Хүнсний барааны үнэ өдөр тутам нэмэгдэж байна. Үнийг бууруулах арга байна уу? Эрүүл мэндэд гаж тогтолцоо үүсээд байна. Эмч нар цөөхөн дугаар тарааж үзлэг хийсэн болоод хувийн эмнэлэгтээ хамаг анхаарлаа тавиад байна. Улсын байр ашиглаж хувийн үйл ажиллагаа явуулахыг зогсоомоор байна. Улсыг нь улсад, хувийг нь хувьд нь ажиллуулж байж болохгүй юу? Эрүүл мэндийн даатгалд олон төгрөг зарцуулдаг, эрүүл чийрэг биетэй нь энэ даатгалыг өгөхгүй байж болохгүй юм уу?
Гэмт хэрэг үйлдээд төлбөрөө барагдуулахгүй хүмүүс их байна. Төр хууль цааз гэж байх хэрэг байна уу. Тэтгэвэр яаралтай нэмэх хэрэгтэй байна. Залуу гэр бүлийн мөнгөн тэтгэмж энэ онд өгөх үү?

н.Оросоо- 5-р багийн иргэн, өндөр настан:
Энэ оны сонгуулиас эхлээд Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Монгол бичгээ 18-50 насны бүх иргэд сурах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг намын харъяалалгүй байх хууль гаргаач. Малын хулгай их байна. 1 удаа хулгай хийвэл 7-10 жил, 2 удаа бол 10-20 жил, түүнээс олон бол цаазаар авах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллахдаа тарган махтай, тансаг хоолтой айлд нь ордог, тэрний оронд ядуучуудаар орж шуудай гурил өгч баймаар байна. Засгийн газрын бүтэц, орон тоог цөөлөх хэрэгтэй. Телевизээр гадаад Солонгос, Япон кино их гарч байна. Монголын сайн зохиолчид байгаа, монгол кино гаргаж байя. Авилгатай тэмцэх газар хийж байгаа зүйл алга, хөдөө орон нутагт энэ газрыг байгуулах хэрэгтэй байна. Хүүхдийн сурлагын чанар маш муу байна. Үүнд анхаарч үзээч. Багийн Засаг дарга нар гэж цалин авдаг наймаачид байна. Үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцох хэрэгтэй байна. Ахмад дайчдад өгнө гэж амласан мөнгөө цагаан сарын наана өгөх арга байна уу?

н.Эрийнтовч- Хэрлэн сумын иргэн:
-Сонгуулийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагч нарыг ажлаас халсан. Энэ асуудлыг тодруулъя. Сонгуулийн ажил төрийн ажил биз дээ. Төрийн албан хаагч нарыг намын гишүүнээс түдгэлзүүлсэн. Гэвч үзэл бодлоор нь ялгаварлаж намын гишүүн байсан гэдгээр бүтцийн өөрчлөлт гэсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байна. Үүнд арга хэмжээ аваач.

н.Индэрсүрэн- 6-р багийн өндөр настан:
-Сонгуулийг зохих ёсоор явуулсан бол 7 сарын 1-ний үйл явдал болохгүй байсан. Өөрсдийн эрх ашигт нийцсэн сонгууль хийсэн тул ард түмэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Овоо босгоогүй бол шаазгай юунд цуглах вэ гэсэн үг байдаг. Гол бууруутнууд нь ажлаа хийгээд явж байна. СЕХорооны дарга Баттулгыг ямар ч буруугүй гэж МАХН нь өмгөөлөөд өнгөрсөн. МАХН-ын шатсан байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Гэтэл Хүрэлсүх одоо Монголд байхгүй 10-15 давхар ордон барина гэж гайхуулж байна. Ерөнхий сайд намынхаа 25 дугаар их хурал дээрээ намаа сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялуулна гэж байсан нь энэ болж байна уу.

н.Сампил- Дэлгэрхаан сумын мянгат малчин:
-Эдийн засгийн хямрал малчдад хүнд тусч байна. Малын бүтээгдэхүүний үнэ маш их унаж байна. Банкны зээлэнд малаа өгч хотоо харлуулсан хүн, зээлээ төлж чадахгүй олон малчин байна. УИХ-ын гишүүн Ганбямбад би утсаар хэлж байсан. Тантай Өлзийт тосгонд уулзаж байсан 11 малчны 6 нь энэ маягаар малгүй болоод байна. Та нарт энэ дэлхийн хямрал нөлөөлөхгүй байж болно, биднийг бол багалзуурдаад байна. Төрийн байгууллага төсвийн мөнгийг хэмнэж ажиллах тал дээр хариуцлага тооцмоор байна. Тухайлбал, Дэлгэрхаан суманд хилийн цэргийн анги 30 жил ажиллаж байна. 30-аад орон тоотой, өөрсдөө хэдэн малаа хувааж аваад гардаг. Энэ ангийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Сонгуульд санал авсан хүмүүсээ ажилд авах гэж улайрч байна. Сахилга хариуцлага тооцож ажиллах, баяр наадмыг цөөрүүлэх, Монгол улсад валютаар арилжаа хийхийг зогсоох, ухаалаг биш хэрэглээг бууруулах хэрэгтэй байна. Энэ тал дээр анхаарч ажиллаач. Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгийг улсын хамгаалалтанд авах ажлыг хийгээрэй. Сонгууль зохисгүй үйл ажиллагаа явуулсан. Шударга үнэн гэж байх хэрэгтэй. Шүүх нэг талыг барьж ажилладаг. Нямдорж гуай энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

н.Батсүх- Хэрлэн сумын иргэн, өндөр настан:
-Төрийн байгууллагад хариуцлага гэж алга байна. Үдийн өмнө үзэгдээд үдийн хойно гадуур ажилтай гээд байх хүн байдаггүй. Үүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Хууль бол нийгмийн хөгжлийн шаардлагаар гардаг, гэтэл өөрсдийнхөө байдалд зохицуулан хууль гаргаж байгаа нь буруу юм. Гарч байгаа хуулиа анхаарч үзэх хэрэгтэй байна. Ямаанд цалин өгч байснаас ядуу бидэнд өгвөл яасан юм бэ? Залуучууд ажилгүй байна.

н.Юра- Хэрлэн сумын өндөр настан:
-Эмч сувилагч нарыг тэтгэмжинд хамруулдаг, асрагч байсан бидэнд юу ч байдаггүй. Би шүүх эмнэлгийн асрагчийн ажлыг 30 жил хийсэн, сард 91 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Асрагч өндөр настан бидэнд жилдээ улсаас урамшуулал гэж өгмөөр байна. Сувилагч эмч нарт тэргүүн гэж өгдөг, асрагчид юу ч байдаггүй, би өдий хүртэл энгэрээ цоолж үзээгүй. Иргэн бүрт өгөх 1,5 сая төгрөгөөр банкинд байгаа бидний өрийг дарж тэтгэврийн дэвтрийг минь авч өгөөч.

н.Дашренчин- жолооны курсын багш:
-Тэтгэврийн доод хэмжээ 81,0 мянган төгрөг байгаа нь амьдралын баталгаат төвшнөөс доогуур байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Сургууль сая төгсч ирсэн хүүхдийг чадваргүй гээд ажилд авахгүй байна. Тэдэнд ажиллах боломж олгомоор байна.

н.Баавай- Хэрлэн сумын иргэн, өндөр настан:
-Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд гадаадаас ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавимаар байна. Манай аймагт Хятадаас хүнсний бүтээгдэхүүн их орж ирдэг, эдгээр нь жиндээ хүрдэггүй, үүнд мэргэжлийн хяналтынхан анхаарч ажиллахгүй байна. Төрийн албан хаагч нарын ажлын байрыг цомхтгож, ачааллыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Албан газар, аж ахуйн нэгжүүд хаягаа монгол хэлээр түүн дотроо монгол бичгээр хийж баймаар байна. Даатгал төлж чадахгүй байна. Мөнгө хөөсөн даатгалын байгууллагыг цөөрүүлмээр байна.

н.Цэцэгмаа- “Алтанбулаг” худалдааны төвийн лангуу түрээслэгч:
-Өнгөрсөн онд манай аймагт 2 удаа үер бууж, энэ үеэр тус худалдааны төвд лангуу түрээслэгчдийн бараа норж, их хэмжээний хөрөнгө мөнгөний хохирол амссан. Бидний энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байна. Бид бүгдээрээ банкинд зээлтэй байдаг, иймд энэ хохирлоо нөхөж авах асуудлыг шийдэж өгөөч.

н.Хэрлэнцэцэг- 2-р багийн иргэн:
-2000 онд аваарт орж группт орсон. 7 жил групптэй байгаад энэ жил хасагдсан. Би өрх толгойлсон, 6 хүүхэдтэй эмэгтэй. Хот явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж чадаагүй учир группээс хасагдсан. 45-аас дээш настай хүнд хийх ажил олдохгүй юм. Эмчид үзүүлэхээр эм бичээд өгдөг, 29 мянган төгрөгний эмийг хүүхдийнхээ 25 мянгаар аваад юугаар хоолоо идэх вэ? Группээс хасахгүй байж болох уу?

н.Түмэнбаяр- Хэрлэн сумын 3-р багийн иргэн:
-Атрын 3 дахь аян өрнүүлж, манай тариаланчдад 1 миллард төгрөг өгнө гэж амлаад 500 саяыг өгсөн. Гэхдээ 5 сард шийдвэр гараад, энэ мөнгө 7 сард тариаланч бидэнд олдсон. Газар тариалангийн ажил бол цаг хугацаатай, эрт эхэлдэг. Гэтэл энэ мөнгө нэмэр болохоосоо нэрмээс болсон. Иймд алив асуудлыг цаг хугацаанд нь шийдэж өгч баймаар байна. Уринш боловсруулахад гол нь зарцуулагдсан байх. Би аймагтаа ногоо боловсруулах талд анхдагч нь болдог хүн. Сүүлийн 3 жил ногоо боловсруулах цех байгуулах санаатай тоног төхөөрөмж хөөцөлдөөд олдохгүй байгаа. ХХААХҮЯаманд асуудлаа тавьсан. 10 ширхэг ирснийг 6 аймагт өгөөд 4 үлдсэн байгаа гэсэн. Үүнээс над 1-ийг олгож өгөөч.

н.Цэцэгмаа- Хэрлэн сумын иргэн:
-1991 онд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэг бүхий цэнхэр, ягаан тасалбар иргэдэд өгсөн. Одоо энэ тасалбарын учрыг аймгаасаа асуухаар Санхүүгийн зохицуулах хорооноос асуу гэх юм. Би 1О ширхэг тасалбартай ч нэгий нь ч борлуулж чадаагүй. Би 5 хүүхэдтэй, бүгд ажилгүй. Одоо энэ цаасны учрыг хэлж өгөөч.

н.Доржпаа, Мөрөн сумын иргэн, малчин
-Одоо манайх Баян-Овоо сумын нутагт отроор өвөлжиж байгаа. Жаахан зүүн талд нь өвөлжиж байтал Тосон Хулстайн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч ирээд нүү гэсэн. 10 хоногийн дотор нүүхгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж 1,8 сая төгрөгөөр торгоно гэсэн. Арга буюу нүүгээд Баян-Овоо сумын нутагт ирж буусан боловч цаашаа нүү гэсэн. Над Хөлөнбуйр сумын хавьд нутаглах газар олгож өгөөч. Энэ асуудлыг Дорнод аймагтай ярьж шийдэж өгөөч.

Үүгээр иргэдийн асуулт, саналыг тасалж сайд дарга нар иргэдийн тавьсан асуулт, саналд хариулт өгөв

П.Түмэндэмбэрэл -ЭМЯ-ны газрын дарга:
-Эрүүл мэндийн даатгал төлсөөр байтал эмийн үнэ буурахгүй байна гэж асуужээ. Эмийн ихэнхийг буюу бараг 80 хувийг гадаадаас авдаг тул эмийн үнэ олигтой буурахгүй байгаа юм.  Аймгийн нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн машингүй болж байгаа тухай асуудал тавьсан байна. Нийт 10 машинаас хөдөлж байгаа нь нэг гэсэн байна. Миний судалж үзсэнээр 6-7 машин явж байгаа гэсэн. Иймд дахин олгох боломжгүй юм. 60 ортой халдвартын эмнэлэг баригдахгүй байна гэжээ. 2009 оны төсөвт суугаагүй тул энэ онд шинээр барилга баригдахгүй. Харин 2010 оны төсөвт оуулъя. Энэ тухай УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай ярилцаж байгаа. Зарим нэг хүний хувийн чанартай асуултанд хурлын дараа уулзаад хариулт өгье.

Л.Баяртулга- ХХААХҮЯамны газрын дарга
-1 санал, 1 асуулт ирсэн байна. “Ундрах” бүлийн ахлагч Гансүх санал тавьсан байна. Дэмжиж ажиллана. Уулзалтын дараа биечлэн уулзаж албажуулъя. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн асуудлыг яаж шийдэх вэ? гэж асуусан байна. Махыг ченжээр дамжуулан худалдан авахаасаа илүү биржийн зарчмаар авах бодолтой байгаа. Хэдий хэмжээний түүхий эд байгаа талаар нарийвчилсан судалгаа гаргаад ажиллавал энэ асуудлыг шийдэж болно байх аа гэж бодож байна.

С.Төмөр-Очир-БСШУ-ны сайдын зөвлөх:
-Улсын хэмжээнд энэ жил 4 барилга баригдахаас 2 нь Хэнтий аймагт баригдана. Биндэр сумын сургууль, Дадал сумын хүүхдийн цэцэрлэг. МСҮТөвийн өргөтгөл баригдахад эхний ээлжинд энэ онд 266 сая төгрөг батлагдсан. 2010 онд үргэлжлэн баригдана. Дээд сургууль төгссөн дээд мэргэжилтэй ажилгүйчүүд олон болсон. 2015 он хүртэл боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө батлагдсан байгаа. Инженер, технологи, багш гэх мэтийн мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлж бусад мэргэжлээр суралцах оюутны тоог цөөрүүлнэ. Үүнтэй холбогдуулан төрийн сангийн зээлийн хэмжээг нэмж олгоно. МСҮТөвд сурч байгаа сурагчдын тоог нэмэгдүүлнэ. Улсаас өгдөг сургалтын төлбөрийн хэмжээг нэмж, дотуур байр, хоолыг үнэгүй болгон мэргэжилтэй боловсон хүчин нэмэх бодлого барин ажиллаж байна.
Тухайлбал, хуулийн чиглэлээр жилдээ 2000 оюутан төгсч байхад улсын хэмжээнд хуулийн ажилтны 2000 гаруйхан ажлын байр байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ цаашид ямар мэргэжлээр сургах вэ? гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмж болох уу гэсэн байна. Хоолны орц, илчлэг гэх мэт бусад судалгаа хийж байгаа, судалгааны үр дүнг харж асуудлыг шийднэ. Нийслэл болон нэг аймгаас нөгөө аймаг руу 500 км-ээс дээш зайд суралцаж байгаа оюутнуудын өвлийн амралтын ирж буцах унааны зардлыг улсаас өгч байгаа. 500 км дотор бол энэ зардал олгогдохгүй. Соёлын төвийн дарга нарыг зөвшилцөн томилох асуудал зөрчигдөж байна гэсэн байна. Хуулиндаа Боловсрол соёлын газартай зөвшилцөн томилох ёстой, энэ дагуу томилгоо явагдах ёстой.

Д.Нямжав- ЗГХЭГ-ын дэд дарга:
-Багийн дарга нарын талаар ТАТХуулинд өөрчлөлт орж төрийн захиргааны албан хаагч болсон нь 2009-01-01-нээс хэрэгжиж эхлээд байгаа. Төрийн албаны зөвлөлийн мэдээлснээр багийн Засаг даргын сонгон шалгаруулалт 2 сарын 14,15-нд болно.
Бор-Өндөр хотыг засаг захиргааны бие даасан нэгж болгохоор УИХ-ын 3 гишүүн санал оруулсан. Үүний дагуу судалгаа хийгдэж байгаа. Нилээд ул суурьтай хандаж УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй.
Хэнтий аймгийн Засаг дарга албан ёсоор хуулийн дагуу томилогдсон. Энэ тухай ерөнхий сайдын захирамж гардаг, эх бичиг нь архивт хадгалагдан үлддэг тул хуулбар нь гарын үсэггүй ч хуулбар нь үнэн гэсэн тэмдэгтэй ирсэн байгаа.

Н.Ганбямба-УИХ-ын гишүүн:
-2009 онд өнгөрсөн жилийнх шиг “Атрын-3” аяны хүрээнд зээл олгох уу гэжээ. Энэ аяны хүрээнд өнгөрсөн жил 100 мянган тн улаан буудай тариалж, 256 мянган га-д уринш хийсэн. Энэ жил 300 мянган га-д тариалалт хийвэл үндсэндээ хангалттай. Зээл олгох үгүйг Засгийн газар шийднэ.
МСҮТ-ийн 250 хүүхдийн хичээлийн байр шинээр барихад 2,5 тэрбум төгрөг тавиулсан. Энэ жил 266 сая төгрөг нь батлагдсан тул барилга барьж эхэлнэ. Сүү боловсруулах үйлдвэр 6-7 суманд баригдахаар байгаа.
Төсвийн тодотгол бол үргүй зардлыг хумих асуудал юм. Улсын төсөв 300 гаруй тэрбум төгрөгөөр дутах үзэгдэл илэрч байгаа. Улсын амьжиргааны доод түвшин 94241 төгрөг байхад манай аймагт 85271 төгрөг байна.
Үерийн талаар асуусан байна. Улсын нөөцөөс 50 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Үерт орсон зам, холбооны болон дулааны шугам сүлжээг засварлахад энэ мөнгийг зарцуулсан байна.
Энэ жил ногоо даршлах төхөөрөмж манай аймагт олгоогүй. Шинэ яаманд өөр байдлаар хөөцөлдөх хэрэгтэй байх аа. Ягаан цэнхэр тасалбарын талаар 99171011 гэсэн утсаар Юмжир гэдэг хүнтэй харилцаарай. Бариашир гуай 3 гишүүнтэй уулзъя гэж хүсэлт тавьсан, одоо хурлын дараа уулзаарай.

Д.Арвин -УИХ-ын гишүүн:
-Засгийн Газрын шадар сайд Энхболд тэргүүтэй төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж иргэд та бүхний саналыг сонсон ажиллаж байгаад баяртай байна. Бэрх тосгоны асуудал бол Чандаганы уурхайтай холбоотой асуудал. Энэ асуудлыг Засгийн газар шийдэх учраас зөв шийдвэр гаргах байх аа. Над олон санал ирүүлсэн байна. Би 7 хоногийн дараа тойрогтоо ирж ажиллана. Энэ үед Засгийн газар юу хийх юм, УИХурал яах юм, гишүүн бид юу хийх ёстой вэ гэдгээ ултай суурьтай тогтож ярилцана.

Т.Ганди- ЗГ-ын гишүүн, НХХ-ийн сайд:
-40 гаруй асуулт иржээ. Багцлаад хариултыг өгье. 1,5 сая төгрөгийг өгөх асуудал Засгийн газрын баримт бичигт албан ёсоор тусгагдсан, уул уурхай эрдэс баялаг ашигласны үр дүнд өгөхөөр хөтөлбөр хийгдэж байна. Ямар аргаар яаж хуваарилах талаар яамдаас нэгдсэн судалгааны баг гарч ажиллаж байгаа. 1,5 сая төгрөгийг одоо иргэн бүрт өгчихвөл улсын төсөвт хүндрэл гарна. Иймд 1960 оноос хойш төрсөн иргэдийн нэрийн дансанд нь байршуулан тэтгэвэр олгох, оюутны сургалтын төлбөр, эмнэлгийн зардал, барилга барихад хөнгөлөлт үзүүлэх гэх мэт арга замаар олгохоор ажиллаж байна.
Улсын хэмжээнд 1823 ахмад дайчин байна. Сар бүр 200 мянга, хоёр дайнд орсон хүнд 35 сая төгрөг буюу 1 өрөө байртай дүйцэх хэмжээний мөнгийг орон сууц авч байгаагүй, амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд эхний ээлжинд олгохоор болоод байна. Өнөөдөр тэтгэврийн харилцаа тэгш, сонгодог утгаараа хөгжиж чадахгүй байна. Тэтгэвэрт гараад 3-4 жил болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг, төлсөн даатгал дансанд нь үлддэг. Тэгэхээр тэтгэврийн өв залгамжлах эрхийг нээж өгөх асуудал яригдаж байгаа.
Малчдыг даатгалд хамруулах асуудлыг хурдасгах шаардлагатай байна. Нийгмийн халамжийн үйлчилгээг Төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх тухай яригдаж төрөөс гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалт гаргаж байна. Цэргийн насны  залуучуудыг мэргэшүүлэх, 35-аас дээш насныхныг хөрвөх мэргэжилтэй болгох арга хэмжээ авна.

Ч.Улаан -УИХ-ын гишүүн:
-Оюунгэрэл гэдэг хүн над зурвас ирүүлсэн байна. “Атрын-3 дахь аян”-ы итгэлийн гэрээнд зээл олгох талаар дурдахдаа, хэрвээ зээлээ төлж чадахгүй бол аймаг, улсын төсвөөс төлөх нөхцөлтэй байсан. Энэ аян 3 жил үргэлжилнэ. Энэ зээлийг олгохдоо байгууллагын дарга, эрхлэгч нараар баталгаа гаргуулсан. Гэтэл энэ хүн Засгийн Газрын бодлого шийдвэрийг биелүүлснийхээ төлөө өнөөдөр ажлаасаа халагдсан гэдгээ бичжээ. Үүнд би их эмзэглэж байна. Энэ шалтгаан бол ажлаас халагдах үндэслэл биш ээ. Энэ асуудлыг судлаад хариу өгөхийг аймгийн Засаг даргад уламжилж үлдээе.
Мөн нэг баяртай мэдээ дуулгахад, зүүн 3 аймгийг малжуулах зорилготой 1,3 тэрбум төгрөгийн төсөл батлагдсан. Үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ -УИХ-ын гишүүн:
-Энэ айлчлал бол олон асуудал шийдэхэд онц чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Манай аймгийн хэмжээнд дэд бүтцийн асуудал шийдэгдсэн. Цаашид гэрийн мод хийх, Жаргалтхаан, Бэрхэд эсгий, эсгий гутлын үйлдвэр барина. Засгийн газар өргөн бүрэлдэхүүнтэй орон нутагт ажиллахад газар дээр нь асуудлыг шийдвэрлэдэг. Өнгөрсөн 5 сард 3 асуудлыг шийдвэрлэсэн. Бэрх тосгоны асуудлыг шийдвэрлэсэн боловч ажлын хариуцлага алдсанаас дахин хүндрэл гарсан. Атрын 3 дахь аяны хүрээнд 1 миллиард төгрөгийг шийдэж өгсөн. “Хан Хэнтий” чуулгын шинэ барилга энэ жилийн төсөвт ороогүй, ирэх оны төсөвт тусгагдах байх аа. Мөн Хэрлэнбаян-Улаан тосгоны отрын бүс нутагт хүндрэл гарсан. Отрын нутаг, бэлчээрийг 2-оос доошгүй жил амраах, чөлөөлөх асуудлыг саяхан УИХ-ын даргаар шийдүүллээ. Хэрлэн сумын багийн төвүүдэд бага оврын тракторууд олгож, ингэснээр манай багууд цэвэр цэмцгэр орчинтой байх боломж бүрдлээ.

Д.Лүндээжанцан-УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга
-Малчид бол биднийг хамгийн бага зовоодог, харин малын гаралтай түүхий эдийн үнэ огцом унаснаар тэд орлогогүй болоод байна. Би Хэнтий аймагт ажиллах болсонтой холбогдуулан хөрөнгө оруулалтын асуудлыг судалж үзтэл хамгийн их гэж болох хөрөнгө оруулалтыг энд хийсэн байна. Энэ нь танай аймгийн 3 гишүүн тойргийнхоо төлөө санаа тавин ажилладгийн илрэл.  Би 1995, 2005 онд Хэнтий аймагт ирж байсан. Тэр үед нэгдсэн эрчим хүчинд холбогдоогүй байсан. Энэ их бүтээн байгуулалт бол танай гишүүдийн хөөцөлдлөгийн хүчээр боссон. Тавьсан асуудлыг тухай бүр нь шийддэг. Жишээ нь Дадал сум руу 270 км зам тавих асуудлыг шийдсэн. Энэ жилдээ биш гэхэд дараа жил энэ ажил эхэлж тус сум руу засмал замаар явах өдөр ирнэ.

У.Хүрэлсүх- МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга:
-Хэнтий аймгийн тойргоос 32 насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдон та бүхний итгэл найдварыг хүлээн ажилласан. 2000-2004 онд юу хийсэн бэ гэж зарим нь асууж байна. Бэрх, Баянхутаг 2-оос бусад сумд гэрэлгүй байсан, бүх сумыг эрчим хүчинд холбуулсан, дэд бүтэц хөгжсөн, үүрэн телефонд холбогдсон энэ бүхэн ажил биш үү. Энэ бүх зүйл бол тухайн үед сайд дарга нар байсан хүмүүсийн, МАХН-ын гавъяа зүтгэл юм. Хийгээгүй хэргийн төлөө хилс хэрэгт холбогдсон. Улс төрч хүнд янз бүрийн зовлон тохиолддог юм байна. Би бүх зүйлээ шалгуулсан. Миний бүх юм хууль цаазын дагуу байсан учраас намайг цагаатгаж, нэр төрийг минь сэргээсэн. Надад учирсан зовлон том сургамж болсон.

Ц.Нямдорж - УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд:
-7 сарын 1-ний хэрэг явдлын талаар их яригдаж байна. Монгол төрийн түүхэнд гарч байгаагүй галдан шатаалт болсон. 900 гаруй хүн баригдаж, шүүгдээд 200 гаруй хүнд холбогдох хэрэг удахгүй шүүхээр шийдэгдэнэ. Энэ нь сонгуулийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн бусармаг үйл ажиллагаа. 25-р тойргийг эс тооцвол булхайтай сонгууль болсон тойрог байхгүй. Энэ хэргийг хэтрүүлчихлээ гэж өмөөрөх хэрэггүй. Галдан шатаалт явагдсан, хүн нас барсан нь үнэн.
Эрүүгийн хууль чанга хатуу, дахиад чангална гэвэл цаад талыг нь харж хандах хэрэгтэй. Одоо гарч байгаа хэргийн тоо ихэсч байна. Хохирлын тухай хууль гаргах уу гэсэн байна.  2000 онд Засгийн газарт оруулаад дэмжээгүй, одоо дахин тавьж үзнэ. Эхлээд хохирогч, дараа нь хохирлыг ярих нь чухал гэж үздэг. Ардчилсан үзэлтэй хүмүүсийг шууд барьж байна гэсэн хатуу асуулт ирж. Бид бүгдээрээ ардчилсан үзэлтэй хүмүүс. Харин ардчилал ярьж, буруу хэрэг хийсэн бол хуулийн хайчинд орох нь гарцаагүй юм. Төрийн хуулийн алтан хилийг алхуулахгүй гэж хэлдэг. Нийгэмд хууль зөрчихгүй амьдрах нь чухал.
Гүндалайн талаар прокуророос 4 дэх удаагаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлээч гэсэн бичиг ирүүлээд байна. Хаврын чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. 2004 онд Хэнтийд ирж байсан, одоо хар замаар яваад ирж байна. Үүнийг ашиглаж амьдрах хэрэгтэй. Хөдөлмөрлөж амьдрах хэрэгтэй. Хан Хэнтий дуу шигээ сайхан амьдарцгаая.

М.Энхболд- Монгол улсын шадар сайд:
-3, 4 зүйлд товчхон тодруулга хийе. Жижиг дунд үйлдвэртэй холбоотой асуудлаар нилээд арга хэмжээ авч ажиллаж байгаа. 2 жилийн өмнө ажлын байр бий болгох зорилгоор 9 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол одоо 50 тэрбум төгрөг зарцуулж байна. “Атрын 3 дахь аян”-ыг үргэлжлүүлэх хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай манай сайд уулзаж ирэх жилүүдэд 300 сая хүртэл ам долларын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, үр будаа авах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Отрын бүс нутгийг шийдвэрлэх алба засгийн газарт ажилладаг. Асуудлыг шийдвэрлэж болно. Доржпаа гуайн тавьсан асуудалд 2 аймгийн удирдлагууд ярилцаж болох байх аа. Гэхдээ үнэхээр дархан цаазтай газарт нутаглаж байгаа бол хуулиа дагахаас өөр аргагүй.
Арилжаалагдаагүй үнэт цаасыг 2003 онд баталгаажуулаагүй бол үнэт цаасаар ашиглах боломжгүй юм. Үерийн хохирлын талаар тодорхой шийдвэр гаргаж Засгийн газрын нөөц сангаас 50 сая төгрөг олгосон. Хаврын шуурганы хохиролд 180 сая төгрөг өгсөн. 25 иргэний 60 орчим сая төгрөгийн хохирол амссан гэж хэлсэн. Даатгалд хамрагдаагүй бол хохирлыг нөхөн олгох боломжгүй юм. 3-4 цагийн хооронд бүгдэд хариулт өгч амжихгүй байна.
Иргэдийг бүсээ чангал гээгүй, иргэдэд үйлчлэх халамжийн үйлчилгээний хэмжээ хэвээр байгаа, харин төрийн албаны зардлыг хэмнэх тухайд ярьсан гэдгийг ойлгоорой. Намайг нэр зааж төсвийн мөнгө үрж тараасан гэж байна. Засгийн газрын сайдын хувьд 1 хүнд ногдох ДНБ 2 дахин өссөн, 1 жилд 500 км хүртэл хатуу хучилттай зам тавьж, нийгмийн салбарт ч мөн адил арга хэмжээ авч төрийн албан хаагчийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэн ажилласан нь тодорхой үр дүнгээ өгсөн.
Энэ жил хэд хэдэн шатны сонгууль боллоо. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, эрх зүйн акт алдаатай байсан мэт буруу ойлголт өгөх гэж байна. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөг байх нь чухал. Танай аймагт ИТХ-ын 31 суудлын 17-г МАХН, 13-ыг АН, 1-ийг нь бие даагч авсан байхад суудлын тоо ойролцоо гарсан гэж хэлэх аргагүй. Танай аймгийн Засаг дарга бол хууль ёсны Засаг дарга мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнд эргэлзэх хэрэггүй. Болоод өнгөрсөн сонгууль ярихаасаа цаашид юу хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Төрийн шагналаар зарим хүмүүс шагнагдсан байгаа, шагналыг гардуулъя.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Баянхутаг сумын малчин Ж.Жавзандолгор шагнагдсаныг шадар сайд гардуулан өгөв.
Мөн Ерөнхий сайдын шийдвэрээр Хэрлэн сумын 4-р сургууль, Норовлин, Цэнхэрмандал сумын сургуулиудад иж бүрэн компьютерийн танхим байгуулах тус бүр 20 ширхэг компьютер олгох эрхийн бичгийг бэлэг болгон өгөв.

Ч.Эрдэнэбаатар- аймгийн Засаг дарга:
-Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж иргэдийн хэлсэн ярьсан бүгдийг анхааралтай хүлээн авлаа. Хэнтий аймгийн хөгжлийн төлөө санаа тавьж хамтран ажилладаг УИХ-ын болон Засгийн газрын гишүүддээ талархлаа илэрхийлье.

Үүгээр Монгол улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан багийнхны Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдтэй хийсэн уулзалтын ажиллагаа өндөрлөв.

Тэмдэглэл бичсэн: Хэнтий аймгийн Засаг даргын
тамгын газрын мэргэжилтнүүд -
Ш.Жавхлан, Ж.Ганбаяр, Д.Өнөрцэцэг,
Т.Ариунтунгалаг

 

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж