ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Танилцуулга

Хэнтий аймгийн Батширээт сум нь 1952 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 11-р зарлиг, СнЗ-ийн 167-р тогтоолоор байгуулагдан Эгийн гол гэдэг газар төвлөрчээ. Сумын нутаг дэвсгэр нийт 701.8 мянган га талбайтай. Улаанбаатар хотоос 413 км, аймгийн төвөөс 186 км алслагдсан, хил хязгаарын хувьд хойд талаараа Биндэр сумтай, урд болон баруун талаараа Өмнөдэлгэр сумтай тус тус хиллэдэг.

Сумын нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүсэд хамрагддаг. Нийт эдэлбэр газрын 80.3% буюу 563.6 мянган га-г шилмүүст болон навчит ой, 18.8% буюу 131.4 мянган га-г бэлчээрийн эдэлбэр  нутаг, 0.02% буюу 0.2 мянган га талбайг хүнсний ногооны талбай эзэлдэг.

Засаг захиргааны 4- Онон, Барх, Хурх гэсэн хөдөөгийн 3 баг, сумын төвийн 1 багтай.

Нийт 2092 хүн амтай. Үүнээс эрэгтэй 1077, эмэгтэй 1015, хүн амын 70% нь буриад, 30% нь халх үндэстэн эзэлж байна. Нийт 630 өрхтэй. Үүнээс малчин өрх 329 байна. Хөдөлмөрийн насны 1324 иргэнтэй, үүнээс ажиллагсад 883, төрийн төсөвт байгууллагад 113, хувийн хэвшилд 101, төсөл хөтөлбөрт 18, малчид 750, хөдөлмөр эрхлээгүй 208 хүн байна.

Нийт 43842 толгой малтай, үүнээс тэмээ 4, адуу 3717, үхэр 11680, хонь 18788, ямаа 9653 толгой байна. Малчин өрхүүдийн малын тоог жагсаавал:

10 хүртэл толгой малтай өрх-65

11-30 толгой малтай өрх-95

31-50 хүртэл толгой малтай өрх-52

51-100 хүртэл толгой малтай өрх-86

101-200 хүртэл толгой малтай өрх-43

201-500 хүртэл толгой малтай өрх-46

501-999 хүртэл толгой малтай өрх-13

1001-1499 хүртэл толгой малтай өрх-5 байна.

Батширээт сум нь 18 ажиллагсадтай ЗДТГазар, 2 ажиллагсадтай ИТХурал, 19 ажиллагсадтай хүн эмнэлэг, 32 ажиллагсад, 345 сурагчтай ЕБСургууль, 11 ажиллагсад, 60 хүүхэдтэй хүүхдийн цэцэрлэг, 5 ажиллагсадтай Соёлын төв, ЭЭСан, Холбооны салбар, Цаг уурын станц, ХААН банкны салбар, ШТСтанц, ХХДЦГазар болон үйлдвэр үйлчилгээний чиглэлээр 12 ААНэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн 550 сая төгрөгийн өртгөөр баригдсан цахилгаан дамжуулах агаарын шугам 2007 оноос ашиглалтанд орж 22 ААНэгж, 217 өрх айлыг эрчим хүчээр ханган 2 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна үүрэн телефоны “Скайтель”, “Жи мобайль“ ХХК-ийн сүлжээг сумын төвийн болон хөдөөгийн  хэрэглэгчид ашиглаж холбоо харилцааны хэрэгцээгээ хангаж байгаа ба интернэт ашиглан мэдээлэл хүлээн авч байна.

Тус сумаас Монгол улсын хөдөлмөрийн баатар М.Володъя, төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, МУ-ын аварга малчин Р.Дорж, Т.Тожил, Монгол улсын гавъяат багш, “Их засаг их сургууль”-ийн ректор, доктор профессор Н.Ням-Осор, МУ-ын гавъяат жүжигчин З.Шагдар, МУ-ын начин Ш.Шаравжамц, гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Я.Энхмаа, гар бөмбөгийн спортын мастер Г.Базарсад, Т.Оюундэлгэр, Б.Ариунаа, Ч.Түвшинтөр, дэд мастер Р.Энхмаа, Д.Жаргалсайхан, Г.Ганболд нарын алдар цуутнууд төрөн гарсан юм.

Тус сумын газар нутагт түүх соёлын дурсгалт газрууд олон бий. Үүнд: Өглөгчийн хэрэм, Рашаан хад орчмын түүх соёлын газар болох Палеолитын бууц, тамга, тэмдэг, сүг зураг, буган хөшөө, хадны бичээс, хүн чулуу зэрэг бөгөөд Рашаан хадыг Бэдэр хошуу, Биндэрийн овооны гол уул Биндэръяа хан уулыг “Хулдгар хун”, Биндэрийн овооноос урагш даван уруудахад тохиох хэрмийн үлдэгдлийг “Хорчихуй болдог”, урд голын хөндийг “Хорхоног жибур”-ын хөндий хэмээн тогтоосон байдаг нь Монголын нууц товчоотой холбоотой болохыг харуулж байна.

Тус сум нь Хэнтий нурууны салбар уулсын зүүн хойд талд орших бөгөөд баруун тал нь өөр хоорондоо намаг бүхий нарийн хөндийнүүдийг үүсгэж ам болгоноор горхи булаг урсаж зарим газраар хадан хясаа асга царам тохиолдоно. Нутгийн зүүн өмнөд хэсэгт Онон, Эг, Барх, Хурхын хөндийн намхавтар тэгш гадарга хамаарагдана. Голлох өндөр уул нурууд нутгийн баруун хойд хэсэгт орших бөгөөд Ноён уул далайн төвшнөөс 2800.5 м, Хатан уул далайн төвшнөөс 1922 м тус тус өргөгдсөн байдаг.

Сумын нутаг дэвсгэрт манай орны томоохон гол болох Барх, Хурх, Баянгол, Эгийн гол мөн түүний цутгалан болох олон тооны гол горхи булаг шандууд сумын усан хангамжийн эх булаг болдог. Эдгээр нь их төлөв давс хужиргүй цэнгэг учраас хүн малын ундаанд нэн тохиромжтой байдаг. Эгийн голын хөндийд Цэгээн нуур, Онон голын хөндийд Ёлын нуур, Хурх голын хөндийд Биндэрийн нуур тус тус  оршдог. Арангатай, Гүнтэлхаан, Хужирнуга, Сүүл толгой, Онон халуун рашаан зэрэг хүн амын эрүүл мэндэд тустай рашаан уснууд олон бий.

Нутгийн уулсын ар хажуугийн нийтлэг дор газар ойн дээд хэсгээр цагаан биелэг, шилийн бут, сөд өвс, Фишерийн бэр цэцэг хэвлэг иш, мягмансанжаа зэрэг чийгт дуртай алаг өвсний эзлэх хувь ихсэж уулсын энгэрийг хайргалаг гүвээ гүдэнгээр бодууль, тужийн биелэг, шивээрт харгана, дааган сүүл, шувуун хөл алтайн гол, гэсэр зэрэг ургамал арив муутай ургана. Мөн тарваган шийр, бамбай алтан мөнгөн гагнуур, лидэр, шар хөх дэгд, сөд мэхээр зэрэг эмийн ургамал ургана.

Сумын нутгийн баруун хойд хэсэгт хуш, нарс, хар модон ой зонхилж бусад хэсгээр нь жижгэвтэр шинэсэн болон хусан ой тархана. Голын хөндий тохойгоор улиас, бургас ургана.

Ой мод голын дагуу гүзээлзгэнэ, улаалзгана, мойл, нэрс, хад, нохойн хошуу, аньс, үхрийн нүд, долоогоно гэх мэт жимс голлон ургана.

Уур амьсгалын хувьд өвөлдөө -15-49 хэм хүртэл хүйтэрч, зундаа 10-37 хэм хүртэл дулаардаг. Салхины хурд голдуу баруун хойд  зүгээс 4-9 м/секунд зарим үед 25 м/секунд хүртэл салхилна. Хур тунадас дунджаар зундаа 200-300 мм бороо орж өвөлдөө 100-200 мм цас ордог.

Ан амьтны хувьд мэрэгчдээс хэрэм, чандага, жирх, махчин амьтдаас чоно, баавгай, булга, шилүүс, үнэг, хярс, үмхий хүрэн, дорго, мануул, нохой зээг, туурайтнаас хандгай, буга, гахай, бор гөрөөс, хүдэр, шувуудаас тас, бүргэд, хойлог, шар шувуу, тоодог, хун, галуу, нугас, тогоруу, хур, сойр, ногтруу, загаснаас цагаан хилэм, тул, цурхай, гутаар зэвэг зэрэг олон төрлийн ан амьтан загас жараахай байдаг.

 

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж